Cover of a book |
“Нэг ч удаа өмсөөгүй байж хуучин гуталтайгаа хольж, юунд намайг шороонд даруулна вэ” гэж нарийхан өндөр өсгийт минь гомдож байна уу. Гомдох хэрэггүй дээ, хүүхнүүдийн харааг булаах дэгжин чамайг худалдан авч байхдаа дахин дахин өмсөж үзээд, догодлон инээмсэглэж байсныг минь чи мэднэ. Гэхдээ одоо болтол чамаар хөлөө чимээд, гунхан алхаагүй л байна би.
Зөрж өнгөрсөн хүн бүр “ямар тансаг сүрчиг вэ” хэмээн уулга алдахаар тийм л сайхан анхилам үнэртэнгүүд одоо толины өмнө тагийг нь авахыг хүлээн гуниглана. Хүзүү, цээжиндээ сэнгэнэтэл цацаад өдөржин зугаална хэмээн чамайг сонгосон сон. Харин тэр өдөр ирээгүй л…
Гялалзаж, гялтганасан ээмэг, зүүлт, бөгж минь надаас илүүтэйгээр нарны гэрэлд гарч олны харааг булаахыг хүсч байгаа биз ээ. Хайрын илэрхийлэл болгон надад бэлэглэсэн та нараар гангараад гарах өдрөө хэзээ гэдгийг өөрөө ч мэдэхгүй сууна.
Одоо би гадаа гарахдаа даашинзны оронд өмд, турьхан өсгийтэй туфлины оронд пүүз сонгох болжээ.
Гоёж гоодон найз хүүхнүүдтэйгээ уулзан суух, хүссэнээрээ өдөржин шоппинг хийх, кино театрын сүүлийн үзвэрийг ч хайрттайгаа дураар үзэх энэ бүхнээс татгалзуулж чадсан үр минь одоо миний юу хийхийг, хэрхэн хувцаслахыг хэрхэн гоёхыг заадаг болсон. Энэ л хүний төлөө бүхнээ зориулахаар би нэгэнт шийдсэн учир та нар минь уучлаарай. Надаас тасарсан амь, хайрын минь үргэлжлэл хань бид хоёрын бяцхан хувилбар.
Даашинз чамайгаа өмсөхийг хичнээн хүсэвч хүүхдээ хооллоход минь чи дэндүү төвөгтэй даанчиг дэгжин.
“Турьхан өсгийт минь” чамайг өмсөөд гарах гэхлээр хүүхдээ тэвэрсэн намайг чи даахгүй биз ээ.
“Тансаг үнэртэн” чамайг өөртөө нэг цацахыг хүсэвч хүү минь ханилгаад дургүйлхэх болохоор чамайг хойш тавьсан хэрэг.
“Чамин ганган ээмэг зүүлт минь” хүү минь чамайг сонирхоод тасдаж аваад үмхчих гээд байгаа болохоор чамайг аль болох хүний гар хүрэхгүй газар тавиад мартаж орхисон нь тэр.
Хэдий би биед эвтэй цамц, хөлд хөнгөн пүүз жийж нүүрээ ч будах завгүй байгаа ч энэ орчлонгийн хамгийн сайхан эмэгтэй гэж хүү минь намайг бодож байгаа.
Гоё ганган чимэг зүүлтээр биш хүүгээ гэх зүрх сэтгэл хайраараа гоёсон би хорвоогийн хамгийн жаргалтай хүн. Ээж болгон хүүхдэдээ орчлонгийн сайхан эмэгтэй байдаг шүү дээ.http://www.emegteichuud.mn/siteweb/content/%D1%82%D1%83%D1%80%D1%8C%D1%85%D0%B0%D0%BD-%D3%A9%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D1%82%D3%A9%D3%A9%D1%81-%D0%B8%D0%BB%D2%AF%D2%AF
No comments:
Post a Comment